Monday, January 31, 2011

Эрхтний тогтолцоо


Бидний бие махбодын үйл ажиллагааг олон тооны эрхтнүүд хамтран явуулна. Эдгээр эрхтэнүүд ганц нэгээрээ биш харин хамтдаа оршиж, үйл ажиллагаагаа хамтран явуулна, өөрөөр хэлбэл эрхтэнүүд бүр аль нэг эрхтний тогтолцоонд нэгдсэн байдаг. Гарал үүсэл нь нэг, бүтэц зохион байгуулалт нь ерөнхий, анатомын хувьд өөр хоорондоо хобоотой, бие махбодын тодорхой нэг үйл ажиллагааг хамтран гүйцэтгэж байгаа эрхтнүүд нийлж  эрхтний тогтолцоог үүсгэнэ. Хүний биеийн эрхтнүүд хэд хэдэн төрлийн тогтолцоог үүсгэнэ.

Үүнд:
·         Араг ясны эрхтний тогтолцоо нь биеийн тулгуур болох араг яс, түүний холбоос, үеэс тогтоно. Араг яс нь хүний биеийн хэлбэрийг тогтоож янз бүрийн байдалд тулгуур болж гэмтэл, бэртлээс хамгаална.
·         Булчингийн эрхтний тогтолцоо. Хүний бие дан яснаас тогтдог байсан бол утсаар хөдөлдөг модон хүүхэлдэй шиг л байх байсан байх. Гэвч хүнд тийм утас байхгүй харин булчин бий. Эдгээр булчингууд ясанд шөрмөс, шандсаар бэхлэгдэнэ.
·         Ялгаруулах эрхтэний тогтолцоонд бөөр, давсаг, шээсний суваг багтана. Энэ тогтолцоогоор дамжин бодисын солилцооны шингэн бүтээгдэхүүнүүд биеэс гадагшилдаг.Бөөрөөр минут тутамд ойролцоогоор 1 литр цус өнгөрдөг. Бөөрний жижиг судасуудаар шүүгдэн цэвэр болсон нэгдлүүд нь шээс хэлбэрээр биеэс зайлуулагдана. Бөөр нь бас цусан дахь давс усны хэмжээг хянана.
·         Цусны эргэлтын эрхтний тогтолцоо нь зүрх, судаснаас тогтоно. Судсаар дамжих цус бидний биеийн бүх эрхтнүүдэд шим тэжээлийн бодисыг түгээж, бие махбодод үүссэн хэрэгцээгүй бодисыг зайлуулна. Бидний биед 5-6 литр цус эргэлдэж байдаг. Цус нь хэдэн сая жижиг эсийг агуулсан шингэн юм. Эдгээр эсийн ихэнх нь улаан эсүүд учраас цус улаан өнгөтэй байдаг. Зүрх бүх биеэр цусаа шахаж тараадаг маш хүчтэй эрхтэн юм.
·         Амьсгалын эрхтний тогтолцоо нь бие махбодыг хүчилтөрөгчөөр хангаж нүүрсхүчилийн хийнээс чөлөөлөх үүрэгтэй. Энэ тогттолцоонд хамрын хөндий, төвөнх, мөгөөрсөн хоолой, уушги зэрэг багтана.
·         Хоол боловсруулах эрхтний тогтолцоо нь амны хөндий, шүд, залгиур хоолой, ходоод, гэдэс, элэг, нойр булчирхайнаас тогтоно. Энэ тогтолцооны үйл ажиллагааны үр дүнд хоол тэжээлийн бодис болон хувирч цусаар дамжин бүх биеэр тархана.
·         Үржих эрхтний тогтолцоо нь удмаа үргэлжлүүлэх үйл явцыг хангана. Эрэгтэй хүний үржилийн гол эрхтэн нь төмсөг, харин эмэгтэйд өндгөвч байдаг.
·         Мэдрэлийн эрхтний тогтолцоо нь бидний биеийн бүх эрхтний үйл ажиллагааг зохицуулна. Тус тогтолцоонд тархи, нугас, мэдрэлээс тогтоно.

No comments: