Wednesday, January 12, 2011

Хүний бие махбодын эсийн бүтэц


Хүмүүсийг гаднаас нь харахад бүгд л өндөр нам өргөн бүдүүн гэх мэтээр нэг нэгээсээ ялгаатай байдаг. Гэвч бидний бие нэг л зарчмаар бүрэлдэн бий болж, түүнд зохицсон үйл ажиллагаа явуулдаг. Энэ бүтэцээрээ бид бүхэн ижилхэн. Хүний бие олон тэрбум эсээс бүрэлдэн тогтоно. Эс нь амьд организмыг бүрдүүлэгч үндсэн, хамгийн жижиг нэгж юм. Гэхдээ эс болгон өөр бүтэц, шинж, хэлбэр, үүрэгтэй байна. Эсүүд цочролд хариу өгөх, бодисын солилцоонд оролцох, өсөх, үржих, нөхөн төлжих болон удамшлын мэдээлэл дамжуулах чадвартай байдаг. Хэлбэрийн хувьд маш олон янз бөгөөд хавтгай, дугуй, ээрүүл хэлбэртэй, сэртэнтэй гэх мэт олон янз байдаг. Эсүүд ийм олон янзын хэлбэр дүрс, хэмжээтэй байдаг ч ихэнх нь бүтцийн хувьд ижилхэн бөөм, цитоплазм, эсийн мембранаас тус тус тогтоно.
Бөөм нь цитоплазм дотор байна. Гадуураа бөөмийн мембранаар хучигдсан байх ба дотор нэг эсвэл хэд хэдэн бөөмхөн байралдаг. Бөөмхөнд эсийн уургийг угсрах үүрэгтэй органоид(рибосом)- ууд үүсч бий болдог.
Цитоплазм нь гиалоплазм болон түүн дотор агуулагдах органоид, оршихуунаас тогтно. Гиалоплазм нь эсийн дотоод орчныг бүрдүүлж  түүний бүх хэсгүүдийг хооронд нь холбон харилцан үйлчлэлийг хангана.
Эндоплазмын торлог нь маш олон жижиг суваг, хөндий, цэврүүнээс тогтно. Түүний зарим хэсгийн мембран дээр рибосмууд бэхлэгдсэн байдаг. Эндоплазмын торлог нь эсийн дотор бодис зөөх үйл ажиллагаанд оролцоно. Мөхлөгт эндоплазмын торлог дээр уураг нийлэгждэг бол гөлгөр гадаргуутай буюу рибосомгүй торлогт гликоген, өөх тосууд бий болно.
Гольджийн аппарат нь хавтгай нарийн сувгууд, олон тооны цэврүүнээс тогтоно. Энэ органоид нь бусад эрхтэнцрүүдэд бий болсон бодисуудыг хуримтлуулах, зөөвөрлөхөд оролцоно. Энд бас нийлмэл бүтэцтэй нүүрс усууд нийлэгждэг.
Митохондри бол эсийн дотор шим бодисуудыг исэлдүүлэн задалж эрчим хүч гаргах үйл ажиллагааг хариуцдаг органиод юм.
Лизосом нь эсэд хэрэгцээгүй болсон нэгдлүүд, гэмтсэн хэсгийг уусгаж задалдаг бодисуудыг агуулсан дугуй хэлбэртэй жижэг бүтэц юм.
 


No comments: